Saturday, January 21, 2012

Чи нууц хадгалж чаддаг уу?


  Чи нууц хадгалж чаддаг уу?


                                                                  “Хэнд ч битгий хэлээрэй” гэдэг үг охид бүсгүйчүүд бидний хорхойг хөдөлгөх шидтэй. Тийм ч чухал, ноцтой зүйлийн талаар биш байсан ч, яг хэлэхийнхээ өмнө энэ үгийг оруулчихвал тэгээд л гүйцээ.


                                                  Хүн болгон мэдэхгүй зүйлдээ л татагддаг. Бусад хүмүүсийн огт төсөөлөө ч үгүй явсан нууцыг ганцаараа мэдчихвэл, яг л ховор эрдэнэ олсон юм шиг баярлана гээч. Гэвч саяхны нэгэн судалгаагаар 10 эмэгтэй тутмын 4 нь хэн нэгний нууцыг удаан хадгалж чаддаггүй гэсэн дүн гарчээ. Ялангуяа өсвөр насны охидод олж сонссон сонин хачинаа хүмүүстэй хуваалцахгүй байна гэдэг их л том даваа мэт хүнд байдаг аж. Тиймдээ ч эмэгтэй хүмүүсийн хоорондох нөхөрлөл сүйддэгийн нэг том шалтгаан нь бие биенийхээ найдаж хэлсэн юмыг хадгалж чадаагүйгээс үүдэлтэй байдаг.
Хэн нэгэн чамд чухал нууцаа задалвал, тэр нь чамайг энэ талаар “амаа үдүүлсэн” юм шиг байж чадахаар хүн гэдэгт маш их итгэж байгаагийн шинж. Харин энэ үед нь дотроос хатгаж байгаа хүслээ барьж чадалгүй, өөр хүмүүст ам алдчихвал, чи түүний итгэлийг бүрмөсөн алдана. Өсөж том болно, ухаан сууна гэдэг нь нэг талаараа хэрэгтэй үед биеэ бариад, чимээгүй байж сурахын нэр юм.
Яагаад хүмүүс нууцтай байдаг вэ?
Хүмүүс өөрийнхөө талаар зарим тодорхой мэдээллийг бусдад мэдэгдчихвэл, тэдний өмнө гэм буруутай болох вий гэхээс айдаг. Эсвэл тэр мэдээллийг нь өөрийнх нь эсрэг ашиглахвий гэхээс сэрэмжилсэндээ дотроо нууцалдаг юм.
Сайн нууц, муу нууц гэж байдаг уу?
Тийм ээ. Сайн нууц нь чамд болон бусдад ямар нэг хор хөнөөл учруулахгүй мэдээ юм. Жишээ нь, маргааш болох төрсөн өдрийн сюрприз үдэшлэгийн талаар, эсвэл шинэ жилийн бэлэгнийх нь талаар эзнээс нь нуух нь хэнд ч гэмгүй.
Муу нууц гэдэг бол чиний найзын, эсвэл гэр бүлийн нэг гишүүний эрүүл мэнд, сэтгэл санааны болон аюулгүй байдалд хортой мэдээг хэлнэ. Ийм нууцыг задлах хэрэгтэй.
Ам алдчих гээд байвал...
Хэн нэгнийг хэдхэн л удаа араар нь муулахад чи ховч нэртэй болчихно. Үүнийг өөрийнхөө дадал зуршил болгочихвол, хажуугаар зөрсөн охины тухай ярьж байхдаа найзынхаа нууцыг санамсаргүй хэлчих магадлалтай. Ингэхээс болгоомжлоорой. Уруулаа хазаад, ярианы сэдвийг өөрчил. Чи хичнээн үнэнч, итгэл даахаар охин билээ дээ? Хэрэв шаардлагатай бол цагаахан худал хэлээд өнгөрүүлчих. Тэр нууцын талаар мартахыг хичээ. Оюун санаанаасаа түүнийг холдуулж чадвал, хамаагүй амархан байх болно. Болохгүй бол түүнийг хэлсэн эзэнтэй нь тэр нууцын талаар сайн ярилцаад үз. Тэгвэл чи яагаад үүнийг чандлан хадгалах ёстойгоо илүү сайн ойлгоно.
Нэгэнт нууц задарсан тохиолдолд... Уучлалт гуй. Шалтаг тоочих хэрэггүй. Үнэнээ хэлэх нь үргэлж зөв сонголт байдаг. Чам руу тэр хүн хашгирч байсан ч, уур гомдолоо тэвчихийг хичээгээрэй. Буруугаа хүлээж, уучлаарай гэж хэлээд энэ явдлаас сургамж аваад март. Хэдэн долоо хоногийн турш бодож шаналах хэрэггүй. Бүх зүйл нэгэнт өнгөрсөн учраас тэр.
Нууц хадгалах нь чамд муу юу?
Нэг талаар тийм. Хэтэрхий их нууцтай байх нь чамайг бусдаас хөндийрүүлэх магадлалтай. Нэн чухал нууцыг удаан хугацааны турш хадгалах нь стресс, айдсыг үүсгэж болзошгүй. Тиймээс аль болох үүнийг мартахыг хичээх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн өсөж том болох нь “үгээ залгиж” сурахыг хэлж байгаа юм. Заримдаа нууцтай “нүүр тулах” хэцүү байдаг ч, дотны хүмүүс найз нөхдийн холбоо илүү чухал гэдгийг мартуузай.
Чи нууц хадгалж чаддаг уу?                 

No comments:

Post a Comment